\ Сонжуур

Сонжуур

цахим мэдээлэл , хэрэглээг таньд хүргэгч www.sonjuur.info

Японд ширээний үйлчлэгч, бүжигчнээр ажиллаж байсан бүсгүй нууцаа дэлгэж байна

2008-11-08 18:17

Манай улс нэг үеэ бодвол хилийн дээс алхан хаашаа ч явсан нээлттэй болсон. Ази, Европыг дамжин хэрэн хэсч, амьдралаа дээшлүүлэх гэж мэддэг чаддагаа шавхсаар байна. Үйлдвэр, баар ресторанд ажиллахаас гадна ухаан муутай нь буруу аргаар мөнгө олж, амьдралаа болгодог сурагтай. Ямартай ч Их Наран улсад ажиллаж амьдарч яваад ирсэн нэгэн бүсгүйтэй ярилцсанаа хүргэе.

Өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

Намайг Ариунтуяа гэдэг. Одоо 23 настай. Би Японд 2 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад ирсэн юм. Өөртөө тохиолдсон зүйлийг ярьж, Япон явах гэж буй, явах хүсэлтэй хүмүүст сэрэмжлүүлэг болгох гэсэн юм. Хүмүүсийн амнаас тэнд цалин мөнгө жигтэйхэн өндөр гэж сонсоод, найз охиноо шалсаар байж ахад нь Япон явах хүсэлтэйгээ хэлсэн. Найз маань ч гэсэн хамт явахаар шийдэж, бид хоёр 2006 оны 10-р сард Япон гэдэг их гүрэнд очсон. Анх очоод ёстой л соёлыг гайхна гэгч болж, яг л хөдөөний хүн анх хотод орж ирж байгаа юм шиг л байсан. Хаашаа л харна өндөр өндөр байшин, янз бүрийн гэрлэн чимэглэл, элдэв хэлийн зүсэн зүйлийн харийнхан гээд л ... Үнэндээ би тэнд төөрвөл яана гэж бодож байсан. Гэвч хүн сүүлдээ дасч, сурдаг юм билээ. Биднийг дагуулж явсан ах бид хоёрыг шиөнийн цэнгээний газарт үйлчлэгч угаагчийн ажилд оруулж өгсөн. Цалин ч гайгүй сарын 850 доллар. Энд бол хэзээ ч тийм цалин авахгүй биз дээ. Их тохилог цэвэрхэн. Хүмүүс нь ч манайхан шиг тас үсэртэл шунаж уухгүй. Тийм болохоор ачаалал гайүй. Харин алдаа гаргасан л бол өршөөхгүй шүү дээ. Ажлаасаа халаад шууд л байрнаасаа хөөнө. Япончууд их л инээд алдаж нахилзаж бөхөлзсөн хүмүүс харагддаг. Үнэн чанартаа тийм биш. Тэр тусмаа бидэн шиг хараар ажилладаг хүмүүсийг амьтдаас дор үзнэ.

Юунаас болоод халагдчихсан юм бэ?

Найз охин маань зөөгч хийдэг байсан юм. Нэг орой ажлаа хийж байхад нь хагшин япон оролдоод байсан байхгүй юу. Тэрнээс хамаг хэрэг мандаад.

Ажилгүй хүн тэнд амьдрана гэдэг мэдээж хэцүү биз дээ?

Би тэнд яг 58 хоног ажилгүй явсан. Энд тэнд ажилладаг монголчуудаа царай алдаад л. Тэнд мянга шаашаа гээд ямар ч нэмэргүй, боссууд нь монголчуудыг маш чанга барьдаг. Тэгэхгүй бол архи угаад ажил хийхгүй гэдэг юм.

Найз охин чинь яасан вэ, өөр аижлд орсон уу?

Үгүй. Ахыгаа нэг очиход нь наашаа буцсан. Ер нь тэгээд л миний ажил эхэлсэн. Үнэндээ ямар ч хэл мэдэхгүй, ганц ч иен гар дээр байхгүй юм чинь наашаа гээн рүү нь л очдог байсан.

Уучлаарай тодорхой яривал яасан юм вэ?

Зовсон цагт нөхрийн чанар танигдана гэж. Хэрвээ би тэр орой найз охиноо өмөөрөөгүй, зүгээр л ажлаа хийж байсан бол өөр шүү дээ. Тэгэхэд чинь өөрийг нь өмөөрснөөс болоод ажилгүй болчихсон байхад зурвас орхичихоод явчихсан байсан.

Чи ганцаараа яаж амьдарч байв?

Амьд хүн аргатай гэгчээр болгож л байсан. Ер нь тэнд шөнийн цэнгээний газар маш их байдаг. Тэнд нь гадныхан голдуу ажилладаг. Тэнд гадныхны адил бааранд ажилласан. Гэхдээ зөөгчөөр биш, ширээний үйлчлэгч, бүжигчнээр ажиллах болсон. Ширээний хүүхэн өөрийн хуваарьт ширээнд суусан хүмүүсийг хөгжөөх, тэднийг согтоох, орлого их оруулах үүрэг хүлээнэ.

Үйлчлүүлэгчдийн хүссэнийг л хийдэг гэсэн үг үү?

Тэгнэ. Яг робот шиг. Хамгийн гол нь маш дуулгавартай байх ёстой.

Тэгвэл чамтай бэлгийн харьцаанд орохыг хүсвэл яах вэ?

Биелүүлнэ. Би ингэж ажиллаж байгаад л баригдсан. Ер нь бол орчин нь цэвэрхэн болохоос биш биеэ үнэлэгч л болж байгаа хэрэг.

Чи тэгээд үүнийг зөвшөөрсөн хэрэг үү?

Хүн амьдрахын тулд юуг ч зөвшөөрдөг юм билээ. Анх надад 600 долларын цалинтай гэж байсан. Гэхдээ ширээнд суух, бүжиглэх гээд бүр цаашлаад унтах хэвтэхдээ тулбал бүгд тарифтай. Түүнийх нь 60 хувийг цаад газар , 40 хувийг нь би авдаг байлаа. Бих хүүхнүүд нь танилцуулга, кодтой. Кодыг нь хэлэхэд л болно.

Ямар ч орны эмэгтэйчүүд байдаг байсан вэ? Чиний хувьд захиалга хэр байв?

Япончууд чинь өөрийн эмэгтэйчүүдээ, эхнэрүүдээ гэртээ орхичихоод л `хүүхэндээд` байна. Тэгсэн хир нь биднийг яг л утсан хүүхэлдэй шиг байлгахыг хүснэ. Япон хөгжилтэй орон ч зарим хүмүүс нь ямар заваан гэж санана. Хөлийн хурууных нь завсар хир нь бөөгнөрчихсөн, ширээн дээр гаргаж тавьчихаад үүгийг цэвэрлэ гэх хүн ч байдаг. Үүнийг нь үг дуугүй гүйцэтгэхээс өөр аргагүй. Тэнд хоёр хятад, нэг орос, нэг польш хүүхэн надтай хамт ажилладаг байсан. Япончууд, хятадуудыг нэг их захиалахгүй. Адилхан л ази юм чинь гэдэг байх л даа. Нөгөө хоёр нь байнга захиалгатай байдаг байсан. Намайг бол гайгүй ээ. Яагаад гэхээр би нуруу туруу, царай зүсээрээ айхтар гологдохгүй. Тэгэхэээр яг ази гэж мэдэгддэггүй байсан байх. Харин нэг удаа орос хүн намаг захиалсан байсан нь Монголд ажиллаж амьдарч байсан гэсэн. Монгол гэдгийг маань сонсоод их гайхсан байх. Одоо энд ирчихээд бодож байхад хүн гэдэг их муухай юм билээ. Би анх буцах зардлаа олох гэж л тэнд ажилд орсон. Тэгсэн сүүлдээ шуналтаад нэгэнт мөнгөний төлөө ирсэн юм чинь гэж бодогдоод нэг хэсэг ажилласан л даа. Магадгүй би баригдаагүй байсан бол удах байсан байх.

Ер нь япончууд сексдээ хир вэ?

За даа. Янз янз л даа. Гэхдээ надтай ойртсон хүмүүсийн ихэнх нь тийм сайн байгаагүй. Би ямар Япон бүх эрчүүдтэй сексийн харьцаанд орсон биш.

Уучлаарай, өөрөөс чинь нэг зүйлийг асуухгүй өнгөрч чадахгүй нь. Секс чиний хувьд ажил уу?

Мэдээж ажил л даа. Гэхдээ хэн ч харсан дагүй залуу байвал түүнээс таашаал авахыг хүснэ биз дээ. Тийм болохоор аль аль нь л хослох байх. Ер нь тэгээд залуу охидоо гадаадад явуулахдаа сайн л анхаарал тавьж байхгүй бол буруу замаар орно. Тиймээс гадаадад гарсан хүн болгон их мөнгө олж ирээд байдаггүй юм шүү л гэдгийг хэлэх гэсэн юм.

Эх сурвалж: Шар мэдээ
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (699) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Амьдрал сүйтгэсэн туршилтыг яагаад хийв

2008-11-08 14:39
Хүний сэтгэл зүйд нөлөөлсөн, ёс зүйгүй, харгис явдал хэмээн дэлхийн түүхэнд хараар бичигдсэн туршилтуудыг хүмүүс тэр бүр мэдэхгүй. Хүн, амьтнаар туршилт хийхийн эцсийн зорилгыг эрдэмтэн, судлаачид энэрэнгүй үйлсийн төлөө хэмээн цайруулдаг ч эдгээр тохиолдол ёс зүйн хэмээс хэт хазайж, нийгэмд айдас дагуулсаар байдаг.

Стэнфордын хоригдлуудад хийсэн туршилтын уршиг

Нэрт сэтгэл судлаач Филипп Зимбардо нийгмийн болон хувь хүний сэтгэл зүйн хувирлыг судлах зорилгоор сургуулийнхаа хонгилыг “шорон” болгожээ. Тодруулбал, тэрбээр сараалжин хаалт хийхээс эхлээд хонгилыг яг л шорон шиг болгосон байна. Энд 24 “гэмт хэрэгтэн” буюу сайн дурынхан, оюутнууд ял эдлэхээр хоригдов.

Зохиомол шорон жинхэнэ шоронгоос ч илүү аймшиг дагуулахыг туршилтад орохыг зөвшөөрсөн оюутнуудын хэн нь ч төсөөлөөгүй гэдэг. Шоронгийн хуягууд буюу туршилт явуулсан судлаачид, оюутнуудад хоригдлын дүрд хэрхэн хувирах талаар ямар нэг зааварчилгаа өгөөгүй. Гэхдээ хоригдсон анхны өдрөө “ялтангууд” дүрдээ сайн хувирч чадаагүй гэнэ. Дараагийн өдрөөс нь харин бүх зүйл “гольдролдоо” орж эхэлжээ. Туршилт оюутнуудын төсөөлж байснаас илүү дэндүү бодитой болж буйг эсэргүүцэн тэд бослого гаргав. Энэ мөчөөс эхлэн “хуягууд” болон “хэрэгтнүүдийн” дунд хүсч байсан жинхэнэ шоронгийн уур амьсгал нь бий болжээ. Шоронгийн удирдлага бослого дахин гаргуулахгүйн тулд хэрэгтнүүдийн хооронд үл итгэлцэх байдал үүсгэн, нэг нэгээр нь хянах болов. Тэднийг хоорондоо уулзаж, ярилцахыг нь хориглон, хяналтаа улам чангатгаж, бие засахад нь хүртэл дагах болжээ. Хянагч нар тэсэхийн аргагүй гаж авир гаргаж, залхаах болсонд хэрэгтнүүд /үнэн хэрэг дээрээ оюутнууд/ бухимдаи ямар ч аврал байхгүйг мэдэрч, сэтгэл санааны хямралд орж эхлэв. Хэдхэн хоногийн өмнө найз, нөхөд байсан тэд туршилтад орж буйгаа ч мартан жинхэнэ хоригдол, хянагч нар болж хувирсан аж. Энэ үед шоронд “гэгээнтэн” ирж, оюутнуудтай ярилцжээ. “Нэр чинь хэн бэ?” гэсэн ламтны асуултад тэд хариулахдаа нэрээ бус хувийн дугаараа хэлж байж. Түүнчлэн “Шоронгоос яаж гарах вэ?” гэсэн асуултад хариулж чадахгүй их шаналж байсан нь ажиглагджээ. Туршилтад орогсод зургаа хоногийн дотор сэтгэлээрээ “үхэж”, хэн болохоо мартсан нь энэхүү судалгааг хугацаанаасаа өмнө зогсооход хүргэсэн байна. Төлөвлөсөн ёсоор бол тэднийг 14 хоног “шоронд” хорьж, дарамтлах байсан гэнэ. 1971 онд болсон эл явдал нэг хэсэгтээ нийгмийг цочроож, бухимдуулсан. Үүнтэй төстэй нэгэн туршилтыг сэтгэл судлаач Марк Селигман, Стив Майер нар1966 онд хийж байжээ. Нохойд хийсэн цуврал туршилтаар тогонд цохиулж, байнга “дарамтлуулж” байсан адгуус хүртэл ямар нэг хариу үйлдэл хийх чадваргүй “чихмэл” болон хувирсан аж. Эдгээр туршилтаас гарсан дүгнэлт нь “Бүтэлгүй олон удаагийн оролдлогын эцэст хүн сэтгэлээр унаж, “гөлийдөг” бөгөөд аливаад эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болдог” гэсэн дүгнэлт байлаа.

“Аверсия” төсөл буюу цэвэрлэгээ

1970-1989 оны хооронд ӨАБНУ-ын армид “цэвэрлэгээ” нэрээр нууц хөтөлбөрийн дагуу бэлгийн гаж донтой цэргүүдийг армийн эгнээнээс “сугалж” эхэлжээ. Цэргийн сэтгэл судлаачид ижил хүйст 1000 орчим залууг “эмчлэх” тушаал авч, тэднийг тогонд цохиулахаас эхлээд химийн “урвалд” хүртэл оруулж байсан гэнэ. /Үүнийгээ химийн эмчилгээ хэмээдэг байж/. “Эмчилгээнээс” татгалзвал өндөр хүчдэлд цохиулан ухаан алдуулж, дааврын эм, бэлдмэл хүчээр өгдөг байв. Тэр ч бүү хэл хүйсийг нь солих зэргээр тэднийг тэвчишгүй дарамтанд оруулжээ. Ихэвчлэн 16-25 насны цагаан арьстай залуус энэхүү харгис туршилтын золиос болсон бөгөөд нууц судалгааг ахалж байсан Обри Левин гэх сэтгэл судлаач, эмч одоо Канадын Калгари их сургуульд багшилдаг аж.

“Өрөвдөлтэй бүжингүүд” насаараа айдастай

Бас нэгэн “Аймшигт туршилт”. Америкийн Айова мужийн их сургуулийн багш Уэнделл Жонсон өөрийн туслах эмэгтэй Мэри Тюдортой хамтран хүүхдийн сэтгэл зүйн хувирлыг тодорхойлох ийм нэгэн туршилтыг 1939 онд 22 өнчин хүүхдэд хийжээ. Дэвенпортын асрахад хүмүүждэг байсан тэднийг хяналтын ба туршилтын гэсэн хоёр хэсэг болгов. Хяналтын буюу эхний бүлэг хүүхэдтэй “цэвэр”, зөв харьцаж, нөгөө хэсэг хүүхдийг байнга дарамталдаг байж. Туршилтын хэсгийн хүүхдүүдийг тэд “Өрөвдөлтэй бүжингүүд” хэмээн нэрлэж, “буруу” үйлдэл бүрийн хариуд нь хайр найргүй зодож, шарх, сорви бэлэглэнэ. Энэхүү харгислалын явцад эдгээр хүүхэд жинхэнэ “бүжин” болж хувирсан байна. Аливаа асуудалтай тулгарсан үедээ “бүжингүүд” ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болж, байнга айж болгоомжлон, зүгээр л амьд биет болон хувирчээ. Тэд бүх амьдралаа ийнхүү айдас дор өнгөрүүлсэн бөгөөд туршилт зогссон ч тэдний тархинд бичигдсэн аймшигт хальс арчигдаагүй гэнэ.Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлнө гэж үзээд эл хэргийг олон жил нуусан бөгөөд харгис эмчийг сүүлд нацистуудын шоронд илгээсэн. Туршилтын золиос болсон бүх хүнээс Айовагийн их сургууль 2001 онд албан ёсоор уучлал хүссэн ч эдгээр хүүхдүүд сэтгэлдээ эдгэшгүй сорвитой хоцорчээ.

Хар тамхины туршилт үхэлд хүргэв

“Хүний бие организмд хар тамхи хэрхэн нөлөөлдгийг судлах болон эм бэлдмэл гарган авах зорилготой” гэсэн боловсон тодотгол бүхий туршилтыг 1969 онд хулгана, сармагчинд хийжээ.. Морфин, кокайн, кодейн, амфетамин зэрэг хар тамхины хольцтой тариагаар тэднийг тарьж эхэлсэн бөгөөд бага багаар тунг ихэсгэж, хэсэг хугацаанд ажиглахад амьтад өөрсдийн “ухамсраар” тариулахаар ирэх болсон байна. Энэ үед нь эрдэмтэд тарихаа больж, ажиглалт хийв. Зарим амьтны дотор нь давчдаж буй бололтой ийш тийш харайлгаж байснаа татаж унасан гэнэ. Харин нөгөө хэсэг нь өөрийн хурууг тас хазаж, үсээ зулгааж хаях зэрэг үйлдзл гаргасан аж. Түүнчлэн хоорондоо зодолдон, “алалцаж” байжээ. Амьтад өвдөлт мэдрэхээ больсон нь ажиглагдавч хамгийн эмгэнэлтэй нь “донтой” амьтад хар тамхи хэрэглэдэг болоод 14 хоногийн дараагаас үхэж эхэлсэн байна.

Эрэгтэй “охин”-ы золиос

Брюс Реймер хүү 1965 онд Канадын Виннипег хотод төрсөн. Найман сартайдаа Брюс хагалгаанд бөгөөд эмчийн алдаанаас болж хүүгийн эрхтэн гэмтсэн аж. Эр хүн болох ямар ч найдваргүй болсон хүүгээ аваад эцэг, эх нь сэтгэл судлаач Жон Манид ханджээ. Хопкинсийн их сургуулийн багш тэрбээр хагалгаанд даруй оруулахыг зөвлөсөн байна. Өөрийгөө эрэгтэй хүн гэдгийг мэдэхээс нь өмнө хүйсийг нь солиулж, “охин” болгон өсгөх нь хамгийн хялбар арга хэмээжээ. Томрох тусам Брюс улам бүр шаналахыг мэдсэн аав, ээж нь энэ аргыг зөвшөөрөв. Ингээд Брюс, Брэнда гэдэг “охин” болов. Хүүгийнхээ хувь тавилангийн төлөө аргаа барсан эцэг эх тэр үед хүүгээ харгис туршилтын золиос болж буйг огт гадарласангүй. Жон Мани гэгч хүйсийн ялгааг хүмүүжлийн аргаар өөрчилж болохыг батлахыг хүсдэг эмч ийнхүү хэнд ч анзаарагдамгүй “туршилт”-ыг хийж байсан байсан аж. Эр, эмийн ялгаа байгалиас бус хүмүүжлийн нөхцлөөс хамаарч, хүний ухамсарт бүрэлддэгийг харуулахыгхүссэн түүний анхны бай нь Брюс байв. Хүүгийн эрхтнийг авч өндгөвч суулгав. Ингээд хэдэн жилийн дараа тэрбээр хэвлэлд ярилцлага өгч, “Туршилт амжилттай болж буй бөгөөд Брэнда охин хөвгүүдээс огт өөр. Түүнд эрэгтэй хүнийх гэж хэлэх нэг ч шинж тэмдэг илрээгүй” гэжээ. Гэтэл үнэн хэрэгтээ, “Брэнда яг л эрэгтэй хүүхэд шиг биеэ авч явах юм. Түүнд охинтой төстэй зүйл огт алга” зэргээр багш нар нь гомдоллодог байж. Эрэгтэй “охин”-ыхоо тухай хүмүүсээс нууж, Брэнда болон Брюсын тухай мэдчих вий хэмээн байнга айж, санаа зовдог байсан ээж аав хоёр энэ туршилтын нэг золиос болсон байв. Ингээд сэтгэл санааны гүн хямралд орж, ээж нь орон гаран болж, стресст орсон аав архичин болсон аж. Брэнда ихэр дүүтэй байсан бөгөөд тэд ч их шаналсан гэнэ. Насанд хүрсэн Брэндагийн хөх ургахгүй зовоож, түүнд дааврын эм уулгах болов. Энэ асуудлыг дахин хагалгаагаар шийдэх ёстой хэмээн Мани эмч зөвлөжээ. Жинхэнэ эмэгтэй хүн болох хагалгаа гэнэ. Брэнда үүнийг зөвшөөрсөнгүй. Харин тэрбээр Мани эмчийн асрамжинд амьдрахаар гэрт нь ирсэн байна. Түүний эмгэнэлт түүх үүгээр дууссангүй. Тэрбээр гурван ч удаа амиа хорлох оролдлого хийжээ. Хүссэнийхээ зоргоор үхэж чадаагүй Брэнда бодит байдалтай эвлэрсэнгүй. Хорвоод анх төрсөн эр хүний “биеийг” олохоор шийдэн, юуны өмнө нэрээ сольж, Дэвид болов. Үсээ тайрч, эрэгтэй хүний хувцас өмсөх болсон тэрбээр 1997 онд хэд хэдэн цуврал хагалгаа хийлгэсэн аж. Бурхнаас заяасан эр биеийг олсон ч хүүхэдтэй болох асуудал “хаалттай” үлдэв. Эр хүний хувьд эхнэр авчээ. Дагавар гурван хүүхдээ өөрийн нэр дээр шилжүүлэн, хэсэг ч болов аз жаргалыг мэдэрсэн Дэвид 2004 онд амиа егүүтгэсэн байна. Эхнэртэйгээ муудалцаж, 38 насандаа хорвоог орхих болсон шалтгаан нь Манигийн туршилтын бас нэг нөлөө аж. Насан туршдаа сэтгэлийн дарамтад дөнгөлүүлсэн Брюс-Брэнда-Дэвидийг сэтгэлийн хямрал сүүдэр мэт дагасаар байсан нь үхлийн гол шалтгаан гэсэн дүгнэлт гарчээ.

Лэндисийн тэнэг туршилт

Миннесотын их сургуулийн эрдэмтэн Карини Лэндис 1924 онд сэтгэл хөдлөлийн үед дэх хүний нүүрийн хувирлыг судалжээ. Судалгаанд хамрагдсан оюутнуудад тэрбээр аммиак үнэртүүлж, порно бичлэг үзүүлэхээс гадна жаз хөгжим сонсгов. Мөн хувинд мэлхий зэрэг амьтан хийж, тийш нь оюутнуудын гарыг хийлгэж, айдсыг мэдрүүлсэн байна. Энэ агшин бүрийг зургийн хальсанд буулгажээ. Гэвч хангалттай үр дүн гараагүй учир тэрбээр судалгаанд хамрагдсдад амьтны толгой таслахыг санал болгов. Ихэнх нь татгалзсан боловч Лэндис тэднийг “хатгаж” чадсан аж. Амьтны толгой тасалж буй тэр агшинд судлаачдын хүссэн нүүр хувирал мөн л гараагүй. Гэвч тэд энэ туршилтын үед хүн гэдэг нэр төрдөө ямар их хайртай, өчүүхэн амьтан болохыг олж мэдсэн хэмээжээ.

Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (218) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Швед улсад 20 хоног хоригдсон 57 монгол иргэнийг эх оронд нь авч ирлээ

2008-11-08 14:32
• 2008.11.7 •  Өглөөний сонин

-Тэд өчигдөр 7.10 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газарджээ-
Харийн оронд хууль бусаар өөрөөр хэлбэл хараар амьдарч байгаа монгол иргэдийн тоо 100 мянган хол даваад байгаа гэдэг. Тэгвэл тэдний 57 нь өчигдөр эх орондоо иржээ. Швед улсад хараар амьдарч байгаа монголчуудыг баривчлах ажиллагаа 10 дугаар сарын 15-наас 11 дүгээр сарын тавны хооронд явагджээ. Эл баривчилгаанд тус улсын 60 гаруй цагдаагийн ажилтан оролцсон байна. Эхний өдөр гурав, дараагийн өдөр нь дахиад дөрвөн иргэнийг гэх мэтээр 20 хоног үргэлжилсэн баривчилгаанд манай 57 иргэн хамрагдсан байна. Эх оронд нь буцаах хүртэл манай иргэдийг 20 хоног нисэх онгоцны буудлын ойролцоо жижигхэн байшинд хорьж байжээ. Дээрх 57 иргэнийг авч ирсэн тусгай онгоц өчигдөр 07.10 цагийн үед “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдгээр иргэдийг гэр рүү нь явуулаагүй гэнэ. Харин ч харийн оронд хууль бусаар амьдарч байсан тэдэнд эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох хуулийн байгууллагад шилжүүлээд байгаа аж. Бид энэ талаар эргэн сурвалжилж хүргэх болно.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (250) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хөөрхий бидний бүсгүйчүүд харь нөхрийг сонгов оо…

2008-11-08 06:04
-Гэр бүлийн зуучлал хүлээн зөвшөөрөх үйлчилгээ мөн үү ?
А.Хас
Хүмүүн төрөлхний дотроосоо
Хүнд бэрхийг амссан
Хөөрхий бидний бүсгүйчүүд
Хүмүүжихийн замыг сонголоо… гэж тэртээ зуунд монгол хүүхнүүд дуулж байсан сан. Зүүний завхралаар хувийн хөрөнгийг хурааж, хүүхнүүдийн үсийг хүчээр хяргаж байхад эрэлхэг Бор тэргүүтэй зоригт бүсгүйчүүд амь биеийг огоорон тэмцэж орчин цагийн жендэрийн хувьсгалыг эхлүүлсэн юм.

Монгол хүүхнүүдийн дарлагдсан түүх Азийн бусад орны бүсгүйчүүдтэй жишихэд бардам эрх чөлөөтэй. Уламжлалт монгол гэр бүлд эхийн эрхт ёс хадгалагдан үлдсэн нь шинэ цагийн хүүхнүүд соёлжин, эрдэмжихийн үндэс болсон. Цаг улирахын хэрээр монгол бүсгүйчүүдийн амьдралын хэм хэмжээнд дэвшил гарсаар өдгөө нөхрийн хоол хийж, хүүхэд гаргадаг тогооны хүн байхаа больж, өрх гэрээ авч явдаг эзэгтэй нар болжээ. Монгол бүсгүйчүүдийн төрөлх шинж чанарыг тодорхойлбол дайчин шаргуу, ухаалаг, хөдөлмөрч. Vгүй гэж хэлэх зүрхтэй эр олдохгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Амьдралаас харъя л даа. Өнгөтэй, өөдтэй, сайн сайхан яваа эрчүүдийг тандахад ар тал нь үнэнхүү бахархам гэргийгээр бэхлэгдсэн байдаг. Гэтэл унаж доройтсон олонхи гэр бүлийг ажиглахад унхиагүй эрчүүдээс болсон байдаг. Монгол бүсгүйчүүд эрдэм мэдлэгээрээ эрчүүдийг хол хаяж, өрх гэрээ толгойлон, улс орны амьдралын жолоог атгалцаж явна. Тийм ч учраас бүсгүй хүний үс урт, ухаан богино гэсэн хэллэгийг эр хүний хөл урт, ухаан ахар гэж шинэчилвэл таарна. Заяамал бус олдмол араншингаараа бүсгүйчүүдийнхээ сэтгэлд тэр бүр нийцэж чадахаа больсон эрчүүдээс болж гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж, өрх толгойлсон хүүхнүүд, эцэггүй хүүхдүүд олширч байгаа нь энэ цагийн эмзэглэл болжээ.
Байдлыг нь л оношильё. Таван монгол хүүхний хоёр нь гэрлэлтээ цуцлуулсан, хоёр нь нөхөргүй, ганц нь нөхөртэй байвал яах вэ? Таавар биш шүү, бодит байдал ийм л байна. Хадамд гарсан хүүхэн үнэд орж, ихэнх нь нөхрийн эрэлд морджээ. Хүн амын хүйсийн тэнцвэргүй байдал үүнд нөлөөлөв үү? Vндэсний статистикийн хорооны судалгаанаас харахад эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тоо харьцангуй их байгаа бөгөөд төрөх үеийн хүйсийн харьцаа 100 эмэгтэйд 105 эрэгтэй ногддог ажээ. Эрчүүдийн нас барах магадлал эмэгтэйчүүдийнхээс илүү байдгаас шалтгаалан нас ахих тусам хүйсийн харьцаа буурч байгаа ч 20-24 нас хүртэл 100-гаас дээш байна. 25-64 насанд хүйсийн харьцаа 96-99 байгаа бол 70-аас дээш насанд 100 эмэгтэйд 64 эрэгтэй ногдож буй. Эндээс харахад хүйсийн харьцаа тийм ч санаа зовохоор төвшинд биш юм. “Нэг гэр бүл-Нэг хүүхэд” гэсэн зарчимтай Хятад Улсын бодлого хүн амынхаа хүйсийн тэнцвэрийг эрс алдагдуулаад буйг та бид сайн мэднэ. Эхнэрийн эрэлд хатсан хятад эрчүүд хөрш монголтой худ барилцах дуртай нь ч дээрх шалтгаан. Гэтэл ид нөхөн үржихүйн насны монгол эрчүүд маань харь улсад мөнгө олохоор олон мянгаараа “экспортлогдож” байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хөндөх ёстой асуудал болж байна. Хүний эрхийн болоод эмэгтэйчүүд, эрчүүдийн холбоо, төрийн бус байгууллагууд анхааралдаа авах зайлшгүй үе ирж. Нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд олноороо ганц бие явах нь ч хүн амын өсөлтөд сөргөөр нөлөөлж буй.
Сүүлийн үед монгол хүүхнүүд гадаадын иргэдтэй гэр бүл болох нь ихэссэн. Аав ээж, албат ноёны “зуучлал”-аар зүс мэдэхгүй, зөвийг танихгүй эртэй тостой тогоонд хушуу холбож, тоонот гэрт толгой хорогдож байсан монгол хүүхнүүд ардчилсан нийгэмд наашаа харсан нэгнийг нар сар хэмээн зөрүүлж, цаашаа холд гэснийг нь зөн тавиланд нь орхиж сурчээ. Амьдралыг яалтай. Гэхдээ даяаршлагдлаа, хөгжлөө гээд үүдээ хамаагүй нээмээргүй байна. Тухайлбал гэр бүлийн зуучлал монголчуудад таарах зүйл мөн үү гэдгийг төр засгийн төвшинд хөндөж хэлэлцэх цаг болжээ. Хуульчлаагүй байхад л гадаад, дотоодын сүйхээтэй хэдхэн хүн бидний ая данд тааруулж байгаад л нэгэн төрлийн бизнес болгоод цэцэглүүлчихэж. Гэр бүлийн зуучлалаар сайн сайхан амьдарч яваа бүсгүйчүүд бий л биз. Даанч дийлэнх нь хүний наймааны золиос болоод зогсохгүй өрөвдөм гашуун амьдрал туулж явна. Гэр бүлийн зуучлалыг хяналтгүй орхисон нь ихээхэн хор уршиг дагуулж байна. Монгол эхнэр авахаар шийдсэн нэг солонгос эр дор хаяж арваад бүсгүйчүүдтэй дотносон сонголтоо хийдэг гэнэ. Гадагшаа л явж байвал юу ч хийхэд бэлэн охид бүсгүйчүүд маань сонгогдоогүй байхдаа л өврөө нээж жирэмсэн хоцрох, бэлгийн замын өвчин авах тохиолдол элбэг байдаг аж. Эмгэнэлтэй хэрэг шүү. Хэн дуртай нь бүсгүйчүүдийг маань бузарлаж, дураараа авирлаж байгаа нь “тэр хүүхний хохь” биш баймаар байна аа. Ганц муу хүүхэн нөхөртэй байна уу, гадаадтайгаа сууна уу юуны хамаа гэж эрхмүүд хэдий болтол чихээ бөглөж, нүдээ таглах юм бэ? Vүний цаана улс орны тусгаар тогтнол, аюулгүй байдал хамт бий.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (186) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Дулааны цахилгаан станцууд агаарын бохирдлын 90 хувийг үүсгэдэг

2008-11-08 06:02
Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашилжээ. Хэн хүнгүй өвөлд бэлтгэж буй. Нийслэл хот ч өвлийнхөө өнгө төрхийг олж, “Утаанбаатар” нэрээ батлах мэт сааралтсаар байна. Орчин цагт байгальтайгаа зохицон хөгжих үзэл баримтлал давамгайлж байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, хамгаалах ажлыг нэгдмэл байдлаар авч үзэх болсон. Монголын нүүдлийн иргэншлийн түүхэн уламжлалаас нь үзвэл байгалиа хайрлан, түүнтэй нэгдмэл байдлаар аж ахуйгаа хөтлөн амьдарч ирсэн нь нэг талаас нүүдлийн хэвшил, бурхны шашин, нөгөө талаас харьцангуй цөөн хүн амтай, үйлдвэрлэл сул хөгжсөн шалтгаанаар манай байгаль харьцангуй бага хөндөгдсөн. Энэ утгаараа бид цэлмэг хөх тэнгэрээрээ бахархаж, цэнгэг агаараараа цээж дүүрэн амьсгалдаг хэмээн омогшдог байлаа.

Гэвч хүн ам өсч, үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хүний үйл ажиллагааны нөлөөнд байгаль өртөн, унаган төрхөө алдах боллоо.
Монгол Улсын хөгжил бидний амьдарч байгаа цаг үе хотжилт болон уул уурхайн салбарын тэсрэлтээр тодорхойлогдож байна. Хотжилт, түүний хүн амын огцом өсөлтийг дагаад орчны бохирдлын асуудал, нэн ялангуяа агаарын бохирдол тэргүүн зэрэгт шиийдвэрлэх асуудал болжээ. Бид хаа хаанаа хуучирсан техник технологи ашиглаж байгаа нь бохирдлын хэмжээг улам нэмэгдүүлж байна. Нийслэлийн хэмжээнд өнгөрөгч онд 92,7 мянган авто машин тоологдсон бол 136 мянган гэр хорооллын айл өрх бүртгэгджээ. Улаанбаатар зэрэг томоохон хот суурингийн агаарын бохирдлын 80-аас багагүй хувь нь салхины эхэнд байрлах гэр хороолол, бага оврын хатуу түлшний халаалтын зуух, автомашинууд гэсэн үндсэн эх үүсвэртэй. Энэ нь амьсгалын замын өвчин үүсгэх, бага насны хүүхдийн уураг тархинд болон жирэмсэн эхчүүдэд онцгой хортой нөлөөлөл үзүүлэх гол хүчин зүйл болдог. Агаар мандалд хаягдаж буй нийт хорт бодисын 90 илүү хувийг ялгаруулдаг дулааны цахилгаан станцууд ч байгаль орчинд их хэмжээний хор хөнөөл учруулсаар байна. Шилмүүст ой давжаарах, өсөлт нь зогсох, экосистемийн удаан хугацааны гүнзгий өөрчлөлт гарах шалтгаан ч үүнээс эхлэлтэй. Тухайлбал, нийслэлийн гурав, дөрөвдүгээр ДЦС-ын утаа Богд уулын шилмүүст ой, улмаар экосистемд учруулж буй хор хөнөөлийг манай болон гадаадын эрдэмтдийн судалгаа нотолсоор байна.
Хот, суурин газар, түүний орчмын хөрсний талхагдлаас үүдэх тоосонцор агаарын бохирдлын бас нэгэн үүсвэр болж эхэллээ. Хүн, малын хэт төвлөрөл, хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын алдаанууд болон эмх замбараагүй шороон замууд газрын өнгөн хөрсийг эвдэх, тоос шороо босч агаар бохирдох гол шалтгаан болдог. Түүнчлэн химийн хорт бодисын ууршилт, хүчиллэг тунадас, их өндрийн шар элсэн болон шороон шуурга, дуу шуугиан, өндөр давтамжийн цахилгаан соронзон долгион зэрэг агаартай холбоотой бүхэн хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах эх үүсвэр болж нэмэгдсээр.
Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын хүн ам эрчимтэй өсч сая хол давсан. Агаарын бохирдолд хүүхэд, хөгшид хамгийн их өртдөг. Агаарын бохирдлоос үүдэн ханиад, харшлын гаралтай өвчин үүсдэг агаад улмаар даамжран төрөл бүрийн хорт хавдар, цусны өвчин болон хувирдаг байна. Манай оронд тулгамдсан асуудал үүгээр дуусахгүй ээ. Хот суурин газрын хог хаягдлын менежмент хоцрогдож, нийгмийн хөгжлийн хурдцыг гүйцэхээ болилоо. Цэвэрлэх байгууламжуудын техник, технологи илт хуучирч, аваарын дэглэмээр ажиллаж, бохир усыг цэвэршүүлэлгүйгээр байгальд шууд нийлүүлэх тохиолдол цөөнгүй гарч байна. Бохирдуулагч бодисыг цуглуулах, тээвэрлэх, цэвэршүүлэх зориулалтын байгууламж, техник, тоног төхөөрөмжийн үйл ажиллагаа дутагдаж, доголдсон. Агаарт буй хорт хийн хэмжээнээ стандартаас давах тохиолдол байнга ажиглагдах болсон.
Суурьшил өөрөө байгалийг доройтуулагч хүчин зүйл болсныг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хот сууринг шаардлагатай цэвэр ус, дулаан, эрчим хүчээр хангах үйл ажиллагаа нь бохирдол, хорт утаа үүсэх шалтгаан болж байна.
Өнөөдөр өдөр тутамдаа экологийн аюулгүй байдлын тухай зайлшгүй ярих шаардлагатай. Хурдацтай өсөн нэмэгдэж буй суурьшил, улс орны эдийн засгийн өсөлт нь өөрийн сөрөг үр дагаврыг авчирч, байгалийн нөөцийн хомсдол, орчны доройтол, хүний эрүүл мэндэд хортой нөлөөллийг ихэсгэдэг. Vйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа, иргэн, айл өрхийн ахуйн хэрэглээнээс бохирдуулагч бодис зориулалтын бус байгууламжаар дамжин агаар мандал, усан орчин, газрын хэвлийг бохирдуулж байна. Байгальд халтай техник, технологи хэрэглэж стандартаас давсан хэмжээгээр бохирдуулагч бодисыг хаях болсон нь байдлыг даамжруулж буй.
Дан ганц гэр хорооллын утаа, машины угаар, цахилгаан станцуудын утаанаас агаар бохирддог гэвэл эндүүрэл. Vүнд шатамхай материалын болон хорт бодисын тоос, уур нөлөөлдөг. Эдгээр нь ихэнх тохиолдолд мэдэгдэхүйц нөлөөлөлгүй мэт байвч орчны нөлөө удаан хугацаагаар үргэлжлэхэд тоос, уурын агууламж нэмэгдсээр аюултай хэмжээнд хүрдэг. Ийм үед ердийн санамсаргүй үйлдэлд өдөөгдөж тэсрэлт, осол, аваар гардаг байна. 2002 онд Багануурын нүүрсний ил уурхайн мөрөгцөгт хуурай, салхи багатай үед нүүрсний тоосны хуримтлал ихсэж улмаар тэсрэлт гарч хүний амь нас эрсэдсэн бол 2003 онд Увс аймгийн төвд нефтийн бүтээгдэхүүний агуулах хэдэн өдөр дараалсан халуунд шатахуун нь ууршиж, автомашины моторын цахилгаан цэнэгээс өдөөгдөн дэлбэрч хэдэн хүний амь эрсдэж, их хэмжээний хохирол учирч байв. Иймэрхүү гэмтэй байдал нь мэдэгдэлгүй ирдэг экологийн аюулын цар хэмжээ, хор уршиг нь гэнэт тохиолдох байгалийн аюул гамшгаас ч давах тохиолдол гардаг ажээ.
Манай оронд нефть-химийн томоохон үйлдвэр байгуулагдах, химийн хортой, онцгой хортой бодис ашигладаг үйлдвэр, аж ахуйн газрууд олноор бий болох эхлэл тавигдаж буй өнөө үед экологи, эдийн засаг, нийгэмд нэн аюултай осол аваар гарах боломж бүрдэх аюул ойртсоор байгааг ухамсарлаж, түүнээс урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээ авах бодит шаардлага тулгарсныг сануулж байна. Сүүлийн зуугаад жилд үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, эрчим хүчний хэрэглээ асар их болж агаар мандал дахь хүлэмжийн хий нэмэгдэж байгаатай уялдан дэлхийн уур амьсгалын дулааралт биднийг айлгах боллоо. Vүнтэй уялдан байгаль, экосистем өөрчлөгдөж, эдийн засаг, нийгэмд сөрөг үр дагавар авчрах нь эргэлзээгүй юм. Экологийн аюултай байдал нь орчны бохирдол, цаг агаарын аюултай үзэгдэл, тодорхой хугацааны туршид аажим бүрэлдэх аюул осол, химийн хорт болон эрүүл мэндэд халтай цочмог үйлчлэх бодис, гамшиг гэсэн үндсэн таван аюулаар хэмжигддэг аж. Иймд Экологийн аюулгүй байдлыг хангахын тулд энэ таван аюул, хүчин зүйлийн үйлчлэлийг саармагжуулах, багасгах, арилгах, түүнээс урьдчлан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Нэн тэргүүнд хуулийн зохицуулалт хийх шаардлагатай.
Хуурайшил, хөрсний талхагдал, цөлжилт болон дэлхийн уур амьсгалын нэлэнхүй өөрчлөлт, цаг агаарын дулааралтаас үүдэх экологийн сүйрлийн түрүүч хэдэн жилийн өмнөөс нүүрлэж эхэлснийг бид мэднэ. Монгол Улс байгаль орчны чиглэлийн 30 багц хуультай. Суурь хууль болох “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийг 1995 онд баталжээ. Уг хуулийн зорилтыг “хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, нийгэм, эдийн засгийн хөгжлийг байгаль орчны тэнцэлтэй уялдуулах, өнөө болон ирээдүйн үеийнхний ашиг сонирхлын үүднээс байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зохистой ашиглах, жам ёсны боломжтойг нь нөхөн сэргээхтэй холбогдож төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж тодорхойлсон байдаг. Хуулиа биелүүлэхийн үүднээс БОЯ-наас удаа дарааллан агаарын бохирдол, дэлхийн дулаарлын сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн арга хэмжээ, үйл ажиллагааны нэгдсэн хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлдэг аж. Vүнд, утаа багатай болон өндөр шатах үр ашигтай гэрийн зуухны үйлдвэрлэлээр агаарын бохирдлыг бууруулах төсөлд Английн ЭСЯ-ны санхүүжилтээр 50 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн утаа багатай, түлшний хэмнэлттэй гэрийн зуухны хэрэглээг өргөтгөх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Азийн 12 улс орсон нүүрс түлдэг хуучин цахилгаан станцын бохирдлыг бууруулах бүсийн хөтөлбөр, “Сайжруулсан гэрийн зуухны” төсөл, азон задалдаг бодисыг шат дараалан бууруулах эцсийн шатны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зэрэг төсөл манай оронд хэрэгждэг ажээ. Эдгээрээс хэрэгжих нь хэд билээ. Утаа, угаарандаа цээж хорсох явдлыг эцэслэдэггүй юм аа гэхэд ядаж нэмэгдүүлэхгүй байх талаас нь дорвитой арга хэмжээ авмаар байна.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (646) | Сэтгэгдэл ( 1 ) | Дэлгэрэнгүй

Манай орон 2070 онд цэвэр усны нөөцгүй болно

2008-11-08 06:00
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх үед цэвэр усны хомсдолд орж болзошгүй мэдээлэл сонсогдов. Дэлхий нийтийг хамарсан цаг агаарын дулаарал манайд ч нөлөөлж байгаа. Сүүлийн 60 жилд цаг агаар 1.8 хувиар дулаарсан байна. Хэрэв байгалиа хамгаалахгүй энэ хэвээр байвал 2070 он гэхэд манай улс цэвэр усны хомсдолд бүрэн орж нэг литр цэвэр ус, нэг кг алтны үнэд хүрнэ гэдгийг судлаачид гаргасан байна. Төрийн зүгээс усны нэгдсэн бодлого хэрэгтэй гэж үзээд Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зохих заалтуудыг шигтгэжээ.

Нийслэлийнхний цэвэр усны нөөц дээр гадаадын компани газар авсан нь байнгын хорооны гишүүдийн анхаарлаас гадуур өнгөрсөнгүй. БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын хэлснээр нийслэлчүүд ойрын хугацаанд цэвэр усны хомсдолд орох аюулгүй гэнэ. Улаанбаатарчууд усныхаа нэгдүгээр нөөцийг хэрэглэдэг. Хоёр, гуравдугаар нөөцдөө ороогүй бол дөрөв дэх усны нөөц дээр Солонгосын хөрөнгө оруулалттай компани гольфийн талбай байгуулахаар 50 га газар авсныг БОАЖЯ-наас холбогдох баримт бичгийг цуцалж мэргэжлийн хяналтынхан үйл ажиллагааг нь зогсоожээ. УИХ-ын гишүүд усны нөөцөө хамгаалахын зэрэгцээ хил даван урсдаг гол мөрний усыг ч зохих хэмжээнд нөөцөлж ашиглах хэрэгтэйг холбогдох яамныханд сануулж байсан. Урд хөршийнхөн манай улс руу ордог голын усыг өөрийн нутагтаа тогтоож нөөцлөх зэргээр ашиглаад эхэлжээ. Түүнээс хоцрохгүйн тулд хоёр хөрш рүү гардаг гол мөрний усанд хяналт тавьж улмаар нөөцлөх асуудлыг олон улсын конвенцийн дагуу дүрэм журмаар нь хийх гэнэ.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (182) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Бид хэдэн ч зууны туршид эх орноо тэжээсээр байх болно

2008-11-08 05:57
М.Хангал
“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян? Монгол баян”. Тийм ээ, манай орны мал аж ахуйн салбар урьд байгаагүй хэмжээнд малаа өсгөн 40 саяд хүрсэн. Монгол Улсын Vндсэн хуульд “Мал бол Монгол Улсын үндэсний баялаг, эдийн засгийн үндэс” хэмээсэн байдаг. Энэ хичээлийн жилээс эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор ХААИС-д малчин фермерийн анги нээсэн билээ. 30-аад оюутантай эл ангийг мал аж ахуй судлаач, доктор, профессор Б.Сэмбээжав удирддаг. Б.Сэмбээжав Монголын мал, малчин хоёрыг 54 жил “хариулж” яваа нэгэн бөгөөд “мал аж ахуйд бүхий л амьдралаа зориулна” гэж хэлэх дуртай. Тэрбээр 2006 онд Ерөнхийлөгчид ХААИС-ийн дэргэд фермер сургалтын төв байгуулах тухай хүсэлт гаргасны дагуу малчин сургууль байгуулагджээ. Ингээд анхны малчин фермерийн ангийн оюутнуудтай ярилцсанаа хүргэе.

-Та бүхэн Монголын анхны дээд боловсролтой малчид болж байна?
-С.Мөнхбаатар: Ийм анги нээгдсэн гэж сонсоод Дундговь аймгийн Эрдэнэдалай сумаас суралцахаар ирсэн. Манай ангид 21 аймгаас хүүхдүүд элссэн. Бүгд л зурагт, радиогоор болон хотод байдаг ойр дотныхноосоо мэдээлэл авцгаасан. Ирэх хавар дипломтой төгсөнө. Бид малын үнэ цэнийг мэддэг. Харин ямар малд, ямар тэжээлийг, хэдийд өгөх вэ гэдгийг судалж байна.
-Бүгдээрээ мал дээрээс ирсэн болохоор хичээл ойлгомжтой дөхөм байгаа биз дээ?
-С.Мөнхбаатар: Бид ирээдүйд мэргэшсэн малчин, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх зорилготой. Таван хошуу малын удам, ашиг шимийг сайжруулах, гойд ашиг шимтэй малыг үржүүлэх зэрэг хичээлүүд ордог нь бидний хүсэл сонирхолд нийцдэг. Бид мал гэж юу байдгийг мэддэг болохоор хичээлээ хурдан ойлгодог. Мал биологийн амьд нөөц. Өндөр мэргэжлийн багш нараар хичээл заалгаж байгаадаа баяртай байна. Ялангуяа ангийн багш доктор, профессор Д.Сэмбээжав болон мал аж ахуй судалгааны багш нартаа баярлаж байгаагаа хэлье.
-Та нар өмнө нь сургуульд сурч байсан уу?
-С.Мөнхбаатар: Ихэнх нь сураагүй дээ. Сумын дунд сургууль төгсөөд л ирцгээсэн. Би гэхэд наймдугаар анги төгссөн.
-З.Баяндалай: Мал дээрээс шууд ирсэн болохоор үзэг, цаас нийлүүлэхэд анхандаа эвлэхгүй, буруу зөрүү бичиж байсан. Одоо зүгширч, эрдэмтэй малчин болж байгаадаа баяртай байна.
-Хотын амьдралд идээшиж байна уу?
-Н.Батцэнгэл: “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг дээ. Хичээлдээ түүртэхгүй байгаа. Мэддэг болоод сонирхдог чиглэлээр сурч байгаа болохоор сайхан байна.
-Малаа өсгөх талаар олон бодол, зорилго байгаа биз дээ?
-С.Мөнхбаатар: Ирээдүйгээ сайхнаар төсөөлдөг. Малыг яаж өсгөх, эрчимжсэн мал аж ахуйг хэрхэн байгуулах тухай анхны мэдэгдэхүүнтэй болж, ажил хэрэг болохуйц санаа олж байгаа. Сургуулиа төгсөөд сурсан мэдсэнээ нутагтаа хэрэгжүүлнэ гэж боддог. Манайх таван хошуу мал өсгөдөг. Баяд, барга, Төв аймгийн ууцан сүүлт гэсэн гурван төрлийн хонь, 1990-ээд оноос махны чиглэлийн үхэр, говийн улаан тэмээ, 2000 оноос Сүхбаатар, Хэнтий чиглэлийн хурдан удмын адуу, монгол хар ямаа үржүүлдэг. Манай мал нутагтаа идээшээд ашиг шимээ харамгүй өгч байна. Нутгийн монгол хар ямааг дон үүлдрийн ямаатай ижилсүүлснээр ноолуурын гарц нэмэгдсэн. Мөн 800 мянган төгрөгт хүрдэг цагаан голдуу тэмээтэй. Цагаан тэмээний тормыг гадаадынхан өндөр үнээр авдаг юм. Залуу хүн болохоор ямаа хар, тэмээ цагаан гээд залуу хүн болохоор малын зүсийг цаг үетэйгээ уялдуулан өсгөхийг хичээдэг.
-Н.Батцэнгэл: Сургуулиа төгсөөд бэлчээрийн мал аж ахуйн чиглэлээр өндөр ашиг шим бүхий газар газрын шилмэл хониноос “Аргалант” гэдэг шинэ үүлдрийн хонь бий болгохыг хүсдэг. Би Төв аймгийн Аргалант сумын хүн л дээ. Манай Аргалантын унаган хонь гэж байдаггүйд харамсаж явдаг.
-Д.Гүнсэг: Би Говь-Алтай аймгийн Жаргалант сумынх. Манайх үзэмчин угшлын махны чиглэлийн мал малладаг. Сургуулиа төгсөөд мах, сүүний чиглэлийн фермер байгуулна.
-Хөдөөд сүүний фермер байгуулахад зах зээл бий юу?
-Д.Гүнсэг: Цагаан идээний боловсруулалт өрсөлдөөнтэй байдаг. Манай ээж цагаан идээ боловсруулах үзэсгэлэнд аймагтаа шалгарч байсан. Тиймээс ээжийнхээ ажлыг үргэлжлүүлнэ гэж боддог. Аав аймгийн алдарт уяач Доржпалам гэж хүн бий. Аавыгаа дагаад Хэнтийн Галшарын адуу уядаг. Зогдортой борлог тэмээ өсгөхийг боддог. Ерөнхийдөө манай гэр бүлийн бизнес мал аж ахуйгаа түшиглэдэг юм. Хавар ноолуураа, зун цагаан идээгээ, намар мах, арьс ширээ борлуулдаг. Vе үе их хэмжээний мөнгө орж ирж, мөнгөөр дутагддаггүй. Хөдөө унаагүй айл ховор шүү дээ.
-Ж.Жаргалбат: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас ирсэн. Би 1997 онд тавдугаар ангиасаа гарч, 11 жил мал маллаад энэ сургуульд орлоо. Эндээс мал аж ахуйгаа түшиглэн их зүйл бүтээх хүсэл эрмэлзлэлтэй болсон. Манайх таван хошуу малтай. Говь-Алтай аймгийн хонины үржлийн албатай дөрвөн жил хамтран ажилласнаар хонио “Алтай” омгоор сайжруулсан. “Алтай” хонь өсөлт үржил сайтай. Бүдүүн хуцны амьдын жин 90, эм нь 60 кг татдаг. Хавар гарсан хурга намар 40 кг хүрэх нь ч бий.
-Суралцах хугацаандаа 10 гаруй төрлөөр мэргэших боломжтой гэсэн үү?
-Ж.Жаргалбат: Оюутнууд мах, сүү, адуу, тэжээл гээд сонирхсон чиглэлээрээ гүнзгийрүүлэн судалдаг. Бид Монголын мал аж ахуйн хөгжлийг дэлхийтэй эн тэнцүүлэхийн тулд малчин хүн эрдэмтэй байх хэрэгтэй гэж боддог. Би хонь, үхрээр дагнах бодолтой байгаа. Манайх овоо хэдэн монгол улаан үхэртэй л дээ. Адууны хувьд хурдны моринд сонирхолтой. Энэ жил сургуулийн ойгоор өөрийнхөө уясан мориор түрүү авсан. Нутгийн омгийн хонь өсгөж намар хургыг нь худалдах бодолтой байгаа. Хурганы мах гадаадад төдийгүй Улаанбаатарт ч эрэлт хэрэгцээтэй байдаг. Эр хургаа ойрхон эргүүлж тарга тэвээргийг нь авахуулаад борлуулах юм. Харин эм хургаа өсгөнө. Энэ бүхнийг нарийн судлаж байгаад шинжлэх ухаанчаар үзнэ дээ. Манайд сүү,махан бүтээгдэхүүний боловсруулалт, ариун цэврийн хичээл заадаг. Эндээс бид малаа хэрхэн саах, боловсруулах, ариун цэврийг сахихад суралцаж байна. Мөн бэлчээрийг хэрхэн ашиглах, малын байгаль орчинд үзүүлэх нөлөө зэргийг биологи, экологийн хичээлүүдээр судалдаг.
-С.Мөнхбаатар: Хонь, адуугаар дагнах бодолтой. Хонь нутгийн онцлогт хурдан идээшдэг. Адууг эрлийзжүүлэхдээ азарган үрээг нутгаасаа бөөнөөрөө явж авчирна. Заримдаа отроор явахдаа худалдаж авдаг. Ер нь одоо биеийн хөгжил сайтай, гайгүй давхидаг адуу машинаас ч илүү үнэтэй болсон. Хадлан бордоо тарьж, цөөн тооны чанартай малтай суурин байвал дээр санагддаг. Мал өсөх, үгүй нь малчнаасаа л шалтгаална. Бэлчээрийн асуудал говьд ч гэлтгүй хаа сайгүй хурцаар тавигддаг. Манай суманд цагаан алт гардаг гээд хөрс сэндийлээд байгаа.
-З.Баяндалай: Өнгөрсөн жил зах зээлд ойр байх үүднээс гэр, малтайгаа Говь-Алтай аймгаас Төв аймгийн Жаргалантад нүүж ирсэн. Олон тэмээтэй болохоор сургуулиа төгсөөд тэмээний ферм байгуулна. Ферм маань мах, цагаан идээнд анхаарах юм л даа. Манай нутгийн бэлчээр талхлагдаад нүүсэн. Шинэ нутаг хангайн аймаг гэдэг утгаараа бэлчээр сайхантай юм билээ.
-Х.Алтанзул: Би Төв аймгийн Заамар сумынх. Сургуулиас мал хэрхэн маллах, ашиг шимийг нь хэрхэн авах, яаж маллавал байгаль орчинд хөнөөл багатай байх талаар болон сүүгээр ямар бүтээгдэхүүн хийж болдгийг сурч байна. Манай орны эдийн засагт мал чухал ач холбогдолтойг мэдэж авсан. Манайх ХАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнгийн буюу Баяндэлгэрийн улаан ямааг анх гарч байхад нь малласан. Монгол хонь, нас гүйцсэн эр үхэр 500 кг татдаг Сэлэнгийн халзан үхэр, Хөвсгөлийн Дархад, Дорнодын Хөлөнбуйр, нутгийн унаган адуу гээд газар газраас авчирсан хурдан удмын адуутай. Иймд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бүрэн боломжтой.
-Заамар сум алтны уурхай элбэгтэй байх аа?
-Х.Алтанзул: Манай сум бэлчээр, усны гачигдалд орсон. Хүмүүс байгалийн баялгийг авахын тулд хөрс сэндийчих мөртлөө эргүүлж сэргээдэггүй. Бага хэмжээгээр сэргээх боловч ургамлыг нь мал иддэггүй, идлээ гэхэд зүгээр л ходоод нь дүүрээд байгаа юм. Уурхайн ухсан нүхэнд мал унаж үхэх, элдэв өвчин гарах нь түгээмэл. Голын голдрилыг өөрчилснөөр малчид хүртэл ундны усгүй болж байна. Уулын араас ухахад өвөр талдаа усгүй болох жишээтэй. Манай нутагт цэвэр устай Тосонгийн гол гэж бий. Тэр голд малчид олноороо бууснаас бэлчээрийн даац хэтрэн, ус нь багасч, тасардаг болсон.
-Ц.Мөнхбат: Би бас Заамарынх. Малын ашиг шимийг гүнзгийрүүлэн судалж байна. Манайх тэмээнээс бусад төрлийн нутгийн монгол малтай. Одооноос Сэлэнгийн улаан халзан үхэр, махны Алтанбулгийн ууцан сүүлт хониор сүргээ баяжуулж байгаа. Манай нутагт мал маллахад үнэхээр хэцүү. Хулгайгаар алт олборлогчид газар сэндийчсэнээр нүхэнд мал унаж үхдэг. Нинжа гэгддэг алт олборлогчдыг хөөсөн хэдий ч хор хөнөөл нь одоо ч арилаагүй. Нэгэнт бэлчээргүй нутагтаа фермер байгуулах бодолтой явдаг. Оюутан байх сайхан юм аа. Хот өмнө ирж байсныг бодвол их өөрчлөгдсөн байна. Бид чинь цэвэр агаарт байсан болохоор утаанд нь цээж хорсоод хэцүү. Автобусаар явахад ёстой жүжигчин Хүрлээгийн хэлдгээр “миний машин яваад ч байх шиг, зогсоод ч байх шиг” гэдэгтэй адил эргэлзээтэй юм билээ. Морьтойгоо байсан бол гэж бодох үе гардаг шүү.
-Ямаанд мөнгө өгөх тухайд юу гэж бодож байна?
-С.Мөнхбаатар: Ямаанд мөнгө өгөхийг малчид дэмжихгүй болов уу. Мал аж ахуйг үйлдвэрлэлийн аргаар сэргээе гэж байгаа бол 34 тэрбум төгрөгөөр малын гаралтай түүхий эд боловсруулдаг үйлдвэр байгуулж, хөдөөд худаг гаргах нь зүйтэй. Малчид отрын маллагаанаас татгалзаж, нүүдлийн мал аж ахуйг хоцрогдсон гэж үзэж байгаа. Адуунд дуртай хүмүүст зориулж адуунд таарсан тэжээл бүхий Хэрлэнбаянулааны тэжээлийн бүс нутаг гэдэгтэй адил адууны бүс нутаг байгуулж болох юм.
Монголын газар доорхи баялаг дуусна. Харин малтайгаа байвал хэдэн ч зууны туршид бид эх орноо тэжээсээр байх болно.
-Бэлчээрийн хүндрэлийг хэрхэн шийдвэл зохистой вэ?
-С.Мөнхбаатар: Ургамлын онцлогоос хамааран бэлчээрийг хэсэгчлэн ашиглах хэрэгтэй. Хөдөөд зарим айл бэлчээрээ хашдаг. Манайх бударганд түшиглэсэн хашаандаа хавар 300-гаад төллөсөн мал оруулж тэнхрүүлдэг. Учир нь бударгана чийгээ алддаггүй. Ямар ч гантай жил малаа оруулаад байж болдог. Сургуулиа төгсөөд малд хэрэгтэй ургамал тарих талаар одооноос судалж байна.
-Ж.Жаргалбат: Газар хувьчилж байна. Хэрэв бэлчээрийг хувьчлаад эхэлбэл 40 сая малтай 200 мянга гаруй өрх малаа хааш нь туух билээ.
Хятадын өдөрт 40 литр сүү өгдөг үхэр манайд сайн тохирохгүй. Хэдэн сая төгрөгөөр авсан сүүний үнээ хоёр сарын дараа манай үнээтэй адил 10 гаруй литр сүү өгөх жишээтэй. Тэгэхээр тэжээлийг хөгжүүлэх хэрэгтэй. Vзэмчин нэг хонь 10 энгийн хоньтой тэнцэнэ. Энэ чинь нутгийн эрчимжсэн мал аж ахуй шүү дээ. Мянган үзэмчин хоньтой хүн бараг 10 мянган хоньтой болно. Гойд ашиг шимтэй алтай хонь 2,2 кг ноос өгдөг. Энэ нь энгийн хониноос 900 гр-аар илүү. Нутгийн мал гэдэг ургамал, газарзүйн онцлогтоо нийцсэн нь харагдаж байна. Зах зээлийн малчин малаа малладаг, маллахдаа генийн инженерчлэлийн аргаар үржүүлдэг, бүтээгдэхүүнээ биотехнологийн аргаар боловсруулдаг байх учиртай.
-Хичээлд хэрэглэгдэх ном сурах бичиг хангалттай юу?
-Ц.Мөнхбат: Хангалттай. Б.Сэмбээжав багшийн 52 жилийн турш бичсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд бизнесийн төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төсөл зохиох онол арга зүйн тухай номууд, “То вангийн эдийн засгийн сэтгэлгээ”, МУ-ын Ерөнхийлөгчийн өмнөтгөлийг нь бичсэн “Малчин судар оршвой” зэрэг бүтээлүүдтэй нөхөрлөдөг. Ном сурснаар бид малд тохиолддог элдэв өвчнийг эмнэхээс гадна сайн үүлдрийн малыг зохиомол аргаар хээлтүүлдэг болно. Ийм шинэ арга эзэмших болохоор мал маллах нь шинжлэх ухаан болох юм.
-С.Мөнхбаатар: Би малаас 13 төрлийн бүтээгдэхүүн ашигладаг тухай уншсан. Цаана нь мөнгө болох 24 зүйлийн түүхий эд хаягддаг. Өөрөөр хэлбэл малын 70 шахам хувийг хаяж байгаа юм. Суралцсаны ачаар малын амьсгалаас бусдыг мөнгө болгох мэргэжлийг эзэмших юм. Манай орон 125 сая га бэлчээртэй. Vүний 20 сая га нь сүүлийн 10 жилд үржил шимгүй болжээ. Малчдад нүүх буйр, хадах хадлан, ундлах ус байхгүй болсон тухай мэдэж авсан.
-Хүмүүс мал чанаргүй өсөөд байна гэж үздэг?
-С.Мөнхбаатар: Манай анги үүссэн гол хүчин зүйл энэ. Мал төрөлжихгүй бол бэлчээр хүнд байдалд орно. Тэмээ говьдоо, сарлаг царамдаа, адуу тал хээрдээ байх учиртай. Манай ангид юм юм оролддог хүн олон. Махны чиглэлийн тослог сүүний үхэртэй болохоор монголын бухыг сарлагтай ижилсүүлэн 30 хайнагтай болчихсон хүн ч бий. Бид малаа сайжруулж чадна. Урт, нарийн, нарийвтар ноостой хонь байх нь хамаагүй, хамгийн гол нь нутгийнхаа онцлогт тохируулж өсгөх нь чухал. Ургамал сийрэг говь нутагт мах, ноосны чиглэлийн мал өсгөж болно.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (343) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Солонгост гэр бүлээр нь ажиллуулах талаар ярилцана

2008-11-08 05:54
Гадаадад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн тоо зуун мянга хол давсан нь судалгаанаас харагдаж байна. Хойшдоо ч энэ тоо улам өснө. Ойрын хугацаанд хотоос 5000, хөдөө орон нутгаас 3000 монгол залуучуудыг Солонгост ажиллуулахаар бүртгэж эхэлнэ. Алсын орныг зорьж ажил хөдөлмөр эрхлэн амьдрал ахуйгаа өөд татахын сацуу улсын мөнгөн санг багагүй хэмжээгээр зузаатгаж байгаа сайн талтай. Гэвч эрчүүд голдуу алсыг зорьж байгаагаас гэр бүлийн асуудал хөндөгдөж эхэлснийг эрхэм түшээд анзаарч ирэх оноос шинэлэг хэлбэрээр ажиллах зорилго өвөрлөсөн тухай өнөөдрийн УИХ-ын чуулган дээр яригдав. Нийгмийн хамгааллын сайд Т.Ганди:

-Гадаадад ажиллах хүчин гаргах бодлогодоо анхааралтай хандах цаг болсон. Хэлний болоод бусад талын мэдлэг боловсрол дутмагаас манай залуучууд гадаадад очоод хамгийн хүнд нөхцөлд хамгийн муу ажлыг хийдэг нь ажиглагдаж байна. Малын бэлчээрээс шууд гадаадад гарснаас боловсон “00”-д ч орж чадахгүй байгаа нь нууц биш. Түүнчлэн сүүлийн үед гэр бүлийн асуудал хурцаар тавигдах боллоо. Тиймээс хойшдоо гэр бүлээр нь ажиллуулах, эх орондоо анхан шатны сургалтуудыг явуулах зэргээр залуусаа дэмжсэн бодлого барихгүй бол болохгүй нь. Энэ талаар Солонгосын талтай ярьж тохиролцоно гэлээ.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (138) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Хүн болгон өстөн мэт харагдаж байлаа

2008-11-08 05:48
Энэ оны долдугаар сард Их аврага Д.Дагвадоржийн дэвжээний багш Такасаго “Эцэг хүн ч гэсэн уйлдаг юм шүү”  номоо худалдаанд гаргасан бол  Их аварга Асашёрюү “Ёкозуна Асашёрү” гэдэг номоо есдүгээр сарын 2-нд Япон даяар худалдаанд гаргалаа. Өнгөрсөн жилийн тойргийн барилдаанаас чөлөө авсан үедээ эх орондоо хөл бөмбөг тоглоод явж байна гэж буруутгагдан, хоёр башё дараалан барилдах эрхээ хасуулж байх тэр үеийн сэтгэлийн дарамт, шаналал, зорилго гээд олон зүйлийн тухай номондоо өгүүлжээ. “Араас нэгд нэгэнгүй мөшгих хэвлэл мэдээлэлийнхэн зэрэг хүнд дарамттай мөчид хүн бүхэн өстөн шиг харагдаж байлаа” ... гэсэн сэтгэлийн өчлөөр эхэлж, тэр үед чухам юу бодож, ямар их сэтгэлийн дарамтанд орж байсан бүгдээ илчилсэн, ярилцлагуудаа ч багтаажээ.

   Тийм шийтгэл хүлээж, хүнд цохилтонд байхдаа “Чухам яагаад ийм байдалд орчихов?” гэж өөрөөсөө асууж, өөртөө хариулт өгч басхүү овоо босгоогүй бол шаазгай суухгүй гэдгийн адилаар өөрт ч гэсэн их бага учир шалтгаан нь бий гэдгийг хүлээн зөвшөөрч, уужирч байсан. Харин Японы хэвлэл мэдээллийнхэн хүмүүсийн сонирхолыг татах гэж элдэв янзаар хачиртай, хачиргүй олон мэдээлэл тарааж, гоочлох тэр агшинд “Юу гэж ч гаргасан түүнийг даах сэтгэлийн тэнхээтэй болсоон гэж” өөрөө, өөрийгөө зоригжуулж байсан тухайгаа ч бичсэн байна.

   Сэтгэлээ ханатал барилдаж байгаад бүр туйлдаж, тэнхээгээ барахаас өмнө л больж магадгүй. Дээр үед Асашёрү их хүчтэй байсан шүү гэж хэлүүлэнгээ барилдахыг огтхон ч хүсэхгүй байна гэсэн түүний бодол, эргэцүүлэл яахын аргагүй түүнээс л гарах сэтгэлийн хат тэнхээ, омог бардамнал гэсэн бодлыг төрүүлэм. Кино найруулагч болж Номун хааны тухай, хайрын сэдэвтэй уянгын кино хийхийг мөрөөддөг гээд түүний дотоод сэтгэлийн сайхан бүхнийг олны өмнө дэлгэжээ.

  Урьд өмнө огтхон ч дэлгэн харуулж байгаагүй түүний хувийн амьдралтай холбоотой фото зураг, хэвлэл мэдээллийнхэн нэвтрэхийг хориглодог хувцас сольдог өрөөний доторх зураг гээд сонирхол татахуйц олон мэдээлэл тус номд багтжээ.  
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (145) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй

Монголчууд Азийн элсний наадмаас анхны алтан медалиа авав

2008-11-08 05:34

Индонезийн Бали аралд зохион байгуулагдаж байгаа Ази тивийн элсний наадам өчигдөр өндөрлөв. Азийн анх­дугаар элсний наадамд нийт 45 орны 6000 орчим тамирчин оролцсоноос манай улс мо­дон бөмбөг, усны ма­рафон сэлэлт, триатлон бо­лон элс­ний бөхийн төрлүүдэд 21 тамирчнаа илгээсэн юм. Мо­дон бөмбөгийн тэмцээнд өр­сөлдсөн манай эрэгтэй, эмэг­тэй тамирчид багаараа зурга­дугаар байрт орсон бол наад­мын найм дахь өдөр элсний бө­хийн +85 кг-ын жинд хүч үзсэн манай тамирчин Т.Энх-Амга­лан аваргын алтан меда­лийг энгэртээ зүүжээ. Энэ медаль нь Монголын баг, тамирчдын Балигаас авч байгаа анхны медаль болсон юм. Т.Энх-Амгалан нь Филип­пиний та­мирчин Франсис Вил­лануэваг ялж шилдэг наймд шалгарсан бөгөөд Киргизс­таны Жанар­бек Кинжеевийг даван аваргын төлөө барил­дах эрхтэй бол­сон аж. Улмаар Азийн элсний наадмын анх­дугаар тэмцээ­ний аваргын алтан медалийн төлөө БНСУ-ын тамирчин Та Хюн Кутай барилдан 3:0-ийн харьцаатай хожсон бай­на. Энэ медаль нь элсний бөхийн төрөлд Монго­лын баг, тамирчдыг багийн дүнгээр дөрөвдүгээр байрт оруулсан бол Монгол Улсыг нийт оролцсон улсуу­даас медалийн чансаагаар нь ар­ван есдүгээр байрт оруулжээ. Сонир­хуу­лахад элсний бөх нь элсэн дээр зассан талбайд гурван минут барилдах хуга­цаатай бөгөөд өрсөлдөгчөө хоёр удаа унагавал, мөн цэ­вэр дарвал ялалт авдаг дү­рэмтэй ажээ.

"Холбоодын цом" сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ түвшинд гаргана

Монголын сагсан бөмбө­гийн холбоо, TLG-13 төрийн бус байгууллагаас хамтран зохион байгуулж байгаа "Хол­боодын цом" тэмцээн өнөө­дөр Спортын төв ордонд эхэл­­нэ. Монголын сагсан бөмбөгийн холбооны дээд лигийн зургаан баг, ажилчин, залуучуудын дунд зохион байгуулагддаг сонирхогчдын лигт өрсөлддөг зургаан баг оролцож байгаа тус тэмцээн нь сагсан бөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залууст сурталчлах болон Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг дээшлүүлэх зо­рилготой зохион байгуу­лаг­даж байгаа юм. Энэ тэмцээ­нийг зохион бай­гуулснаар Монголын сагсан бөмбөгийн хөгжлийг шинэ түвшинд гар­гана гэж зохион байгуулаг­чид нь үзэж байгаа аж. Олон улсын сагсан бөмбөгийн хол­бооны дүр­мийн дагуу явагдах "Холбоо­дын цом" тэмцээн арваннэгдүгээр сарын нэгэн хүртэл үргэлжилнэ.
Ангилал : nocategory | Нийтэлсэн : Sonjuur | Уншсан (144) | Сэтгэгдэл ( 0 ) | Дэлгэрэнгүй
‹ First <  126 127 128 129 130 131 132 133 134 135 136 137 138 139 140 141 142 143 144 145 146 >  Last ›